$gogo_blog_widget_section_slider-k_82726$

СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ ДАХЬ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ ДАХЬ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

Сэтгэцийн эмгэг судлал дахь яаралтай түргэн тусламжийг дотор нь:

1. Суицид, парасуицид ба яаралтай тусламж

2. Суицид ба парасуицидээс бусад сэтгэцийн эмгэгийн үеийн яаралтай тусламж гэсэн 2 бүлэгт хуваан авч үздэг.

1. Суицид, парасуицид ба яаралтай тусламж

1950-1960-аад оноос эхлэн дэлхийн олон оронд амиа егүүтгэх болон амиа егүүтгэх оролдлого хийх явдал илт олширчээ. Үүнийг харгалзан амиа егүүтгэх явдлыг хийгээд амиа егүүтгэх оролдлогыг судалдаг биеэ даасан   ШУ бий болжээ.

Олон улсын эмнэлгийн нэр томъёогоор зориуд амиа бүрмөсөн хөнөөх үйлдлийг суицид (suiside), зориуд амиа хорлох ородлого хийх үйлдлийг парасуицид (parasuiside) гэдэг. Парасуицидийг өөрөөр амиа хорлох оролдлого (suiside attempt), зориуд өөртөө хор хүргэх, зориуд өөрийгөө гэмтээх, өөртөө зориуд шарх үүсгэх, зориуд өөрийгөө хордуулах гэх мэтээр нэрлэдэг.

Суицид буюу парасуицид үйлдэх эрсдэл бүхий сэтгэл гутралтай өвчтөнүүдийн ихэнхи нь амиа хорлох тухай гүнзгий бодолд автсан байдаг.

Амиа хорлох тухай бодолд автсан өвчтөн энэхүү бодлоо гадагш илэрхийлэхгүй, сэтгэл дотроо хадгалаад байвал түүний амиа хорлох эрсдэл улам ихсэхийн сацуу тэрээр амиа егүүтгэх санаагаа аль болохуйц түргэн хэрэгжүүлэх арга замыг хайсаар байх болно.

Харин өвчтөн амиа хорлох тухай бодлоо сэтгэл дотроо хадгалалгүй, гадагш, бусдад илэн далангүй илчлэн ярих нь түүний “түгжээтэй” сэтгэлийг онгойлохын сацуу амиа егүүтгэх явдлаас сэргийлэх арга замаа олоход нь тусална.

Сэтгэлзүйн хямралтай байгаа хүмүүст сэтгэлзүйн яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй. Тийм тусламжийг сэтгэлзүйн хямралын сэтгэц засал гэдэг.

Сэтгэлзүйн хямралын сэтгэц засал. Ийм тусламжийг эмч, сэтгэлзүйч, сэтгэл засалч нарын хэн нь ч үзүүлж болно. Хямралын сэтгэл засал 3 үе шаттай.

Хямралын сэтгэц заслыг хувьчилсан, гэр бүлийн, бүлгийн хэмээх гурван хэлбэрээр явуулж болно.

Сэтгэлзүйн хямралын хувьчилсан сэтгэл засал. Сэтгэлзүйн хямралтай байгаа гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэлзүйн яаралтай тусламжийг ганцаарчилсан хэлбэрээ үзүүлэхийг хувьчилсан сэтгэл засал гэнэ.

Сэтгэлзүйн хямралын хувьчилсан сэтгэц заслын эхний үе шат. Энэ үе шатанд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

1. Харилцан ойлголцох сэтгэлзүйн холбоо тогтоох. Үүний тулд сэтгэлзүйн хямралтай хүнд хандаж эмч дараах зөвөлгөө ба санамжийг өгнө. Үүнд:

· Харилцан ойлголцож ярилцахыг 2 талаас хичээе.

· Та ярилцлагын явцад айж эмээх, биеэ барих хэрэггүй. Аль болохуйц тайван байж, биеэ барилгүйгээр, чөлөөтэй ярихыг хичээгээрэй, өөрийнхөө сэрэл мэдрэмж, сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлэхийг хичээгээрэй гэсэн зөвөлгөө өгнө.

· Би ярилцлагын нууцийг хадгална.

2. Амиа хорлох төрх үйл бүхий сэтгэлзүйн хямралтай хүн амиа хорлох аюултай. Хариу урвалыг илчлэн яриулах. Үүний тулд эмч доорхи хандлагыг гаргавал зохилтой. Үүнд:

· Чөлөөтэй ярих бүх боломжоор хангах.

· Амиа хорлох аюултай хариу урвал хэмээх сэтгэлзүйн хямралыг өөрөөр нь тодорхойлуулан илчлэн яриулах арга тактикийг хэрэглэх.

· Сэтгэлзүйн хямралтай хүний яриаг зөвхөн сэтгэлзүйн хямралаа үгээр тодорхойлон илчлэхэд чиглүүлэх.

· Сэтгэлзүйн хямралаа тодорхойлон ярьж байгаа тэрхүү яриаг маш анхааралтай хийгээд тэвчээртэй сонсох арга техникийг хэрэглэх.

· Сэтгэлзүйн хямралаа үгээр тодорхойлон ярьж байгаа сэтгэлзүйн хямралтай хүний яриаг буюу түүний зовлонг сэтгэл зүрхээрээ мэдэрч ойлгохыг хичээх.

· Шүүмжлэхгүй байх. Шүүмжлэх нь чөлөөтэй ярихад саад тотгор учруулна.

· Яриаг таслахгүй байх.

· Сэтгэлзүйн хямралтай хүний сэтгэлзүйн хямралыг буюу түүний зовлонг сэтгэл зүрхээрээ мэдэрч ойлгосноо өөрийн үгээр тодорхойлон хариу урвалын хэлбэрээр эргэж мэдээлэх, дамжуулах.

Сэтгэлзүйн хямралын хувьчилсан сэтгэц заслын II үе шат.

Хямралын хувьчилсан сэтгэц заслын II үе шатанд түүний буруу танин мэдэхүйг өөрчлөх сэтгэл засал хийнэ. Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэх мэтчилэнгээр буруу төсөөлж байгааг нь ухааруулах, тайлбарлах, сэнхрүүлэх арга замаар засаж залруулна.

Танин мэдэхүйн сэтгэц заслын зэрэгцээ саатуулах эмчилгээ хийнэ.

Сэтгэлзүйн хямралын хувьчилсан сэтгэц заслын III үе шат.

Энэ үе шатанд сэтгэлзүйн хямралтай хүний дасан зохицолтын хямралыг болон буруу төрх үйлийг засахад чиглэсэн сэтгэц нийгмийн реабилитаци хийнэ. Энэ зорилгоор сэтгэц заслыг сэтгэц нийгмийн реабилитацитай хослуулан хэрэглэнэ.

2. Суицид ба парасуиуидаас бусад сэтгэцийн эмгэгийн үеийн яаралтай тусламж

Яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай сэтгэцийн эмгэгүүд:

· Өвчтөнийг нийгэмд аюултай үйлдэл хөтөлдөг сэтгэцийн эмгэгүүд

· Сэтгэц хөдөлгөөний дошгирол

· Сэтгэц идэвхит (мансууруулах) бодисуудын цочмог хордлого

· Хэт амьсгалах хам шинж

· Өвчтөнийг хоол идэхээс татгалзахад хүргэдэг эмгэгүүд

· Эпилепсийн статус

· Нейролептикийн хорт хам шинж

· Гурван цагирагт антидепрессантын хордлого

Сэтгэцийн өвчний эрхээр нийгэмд аюултай үйлдэл хийх хандлагатай хүмүүст үзүүлэх яаралтай тусламж

Сэтгэцийн өвчний эрхээр нийгэмд аюултай үйлдэл хийх хандлагатай хүмүүсийг яаралтай хэвтүүлж эмчилнэ. Хэрвээ нийгэмд аюултай үйлдэл хийх хандлагатай сэтгэцийн өвчтэй хүн эмнэлэгт сайн дураар хэвтэн эмчлүүлэхээс татгалзвал түүнийг эмнэлэгт албадан эмчлэх арга хэмжээ авна.

Сэтгэцийн өвчний улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй өвчтөнд хэрэглэх тусгаарлах болон номхотгох аргууд.

1. Сэтгэл хөдөлгөөний дошгирол (Психомоторное возбуждение)

Ямар нэг сэтгэц эмгэгийн хам шинжийн эрхээр өвчтөн сэтгэц хөдөлгөөний хөөрөлд орж хөдөлгөөнтэй, үйл ажиллагаа буюу үйлдэл хийх эрмэлзэлтэй хийгээд догшин төрх үйлтэй болохыг сэтгэц хөдөлгөөний дошгирол гэж нэрлэдэг.

Сэтгэц хөдөлгөөний хөөрлийн эрхээр өвчтөн өөртөө болон нийгэмд хор хөнөөлтэй хийгээд аюултай үйлдэл хийх эрмэлзэлтэй байдаг учраас түүнээс сэргийлж сэтгэц хөдөлгөөний дошгиролыг номхотгох яаралтай түргэн тусламж үзүүлэх хэрэгтэй.

Өвчтөн ямар сэтгэц эмгэгийн хам шинээс болж сэтгэц хөдөлгөөний хөөрөлд орсоныг харгалзан сэтгэц хөдөлгөөний дошгиролыг дотор нь:

· Сэтгэл хөөрлийн дошгирол

· Хий үзэгдэл- дэмийрлийн дошгирол

· Сэтгэл гутралын дошгирол

· Эпилепсийн дошгирол

· Ухаан дэмийрэн балартахын дошгирол

· Ухаан будангуйран балартахын дошгирол

· Кататоник дошгирол

· Хүүхдэрхэх дошгирол

· Эмгэг төрхийн дошгирол

· Бухимдлын дошгирол гэсэн эмнэлзүйн хэлбэрүүд хуваадаг.

1. Сэтгэл хөөрлийн дошгирол (Маникальное возбуждение).

Сэтгэл хөөрлийн хам шинжийн эрхээр өвчтөн сэтгэлийн хөөрөлтэй, хөдөлгөөнтэй, олон үгтэй, магадгүй хилэгнэсэн төрх үйлтэй болдог. Сэтгэц хөдөлгөөний хөөрлийг номхотгох зорилгоор хлорпромазиныг эсвэл левомепромазиныг 25-75 мг тунгаар, галоперидолыг 5-10 мг тунгаар тус тус тариагаар хэрэглэнэ. Сэтгэл хөөрлийн хамшинж удаан хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдолд лити хэрэглэж болно.

2. Хий үзэгдэл-дэмийрлийн дошгирол (Галлюцинаторио-бредовое возбуждение).

Занаж сүрдүүлсэн агуулгатай хий үзэгдэл буюу дэмийрэл үүсэж байгаа тохиолдолд өвчтөн тайван биш, айсан төрх үйлтэй, хөдөлгөөнтэй, сандарсан байдалтай болно. Ийм сэтгэц хөдөлгөөний дошгирлыг номхотгох зорилгоор хлорпромазиныг эсвэл левомепромазиныг 50-100 мг тунгаар, галоперидолыг 5-10 мг тунгаар тариагаар хэрэглэнэ.

3. Сэтгэл гутралын дошгирол (Меланхолическоевоздуждение, меланхолический раптус).

Амиа хорлох бодолтой буюу өөрийгөө гэмтээх эрмэлзэлтэй сэтгэл гутралын үед, ялангуяа сэтгэлийн түгшилт давамгайлсан сэтгэл гутралын үед сэтгэл түгшилтээс болж өвчтөн байх газраа олж ядан босох суух, орох гарах, нааш цааш холхих, ор дэрээ онгичих, хувцасаа урах, амиа хорлох оролдлого хийх зэрэг төрх үйлдэл гаргадаг. Ийм сэтгэц хөдөлгөөний хөөрлийг сэтгэл түгшилийн дошгирол (ажитация) буюу сэтгэл гутралын дошгирол (Raptus melancholicus) гэж нэрлэдэг.

Сэтгэл түгшилтийн дошгиролыг тайвшруулах үйлдэл бүхий антидепрессантаар, тухайлбал амитриптилинээр эмчилнэ. Амитриптилинийг хэрэглэхийн өмнө левомепромазиныг 50 мг тунгаар булчинд тарина.

4. Эпилепсийн дошгирол (Эпилептическое возбуждение).

Эпилепситэй өвчтөний ухаан гэнэт бүрийтэн балартаж баримжаагаа алдаж, айдас, занаж сүрдүүлсэн хий үзэгдэл болон дэмийрэлд автаж, эвдэн сүйтгэх хийгээд нийгэмд аюултай үйлдэл үйлдэх хандлага гаргах хэлбэрээр сэтгэц хөдөлгөөний хөөрөлд орохыг эпилепсийн дошгирол гэдэг. Өвчтөн ухаан балартах үед юу болж өнгөрсөнийг буюу ямар үйлдэл үйлдсэнээ ухаан саруул болсны дараа дурсан санах чадваргүй байдаг. Эпилепсийн дошгирлыг номхотгох зорилгоор диакепамыг 10-30 мг тунгаар венийн судсанд тарих, эсвэл хлорпромазиныг 100 мг хүртэл тунгаар булчинд тарих, эсвэл левомепромазиныг 100 мг тунгаар булчинд тарих эсвэл хлоралгидратыг 2-4 гр тунгаар клизмээр хэрэглэнэ.

5. Ухаан дэмийрэн балартахын дошгирол (Делириозное возбуждение).

Сэтгэц хөдөлгөөний дошгирлын эмнэлзүйн хэлбэрүүдийн дотроос ухаан дэмийрэн балартах үеийн сэтгэц хөдөлгөөний дошгирол хамгийн элбэг тохиолддог.

6. Ухаан будангуйран балартахын дошгирол (Аментивное возбуждение).

Хүчтэй хордлогоос болж өвчтөний ухаан балартаж холбоогүй үг хэлэх, орныхоо хүрээнд эмх замбараагүй хөдөлгөөн хийх, сэтгэл үймрэх хэлбэрээр сэтгэц хөдөлгөөний хөөрөлд орохыг ухаан будангуйран балартахын дошгирол гэдэг. Ийм дошгирлыг намжаах зорилгоор диазепамыг 10-30 мг тунгаар венийн судсанд тарина. Хордлого тайлах эмчилгээ хийнэ. Түүнчлэн 25%-ийн 10 мл хүртэл хүхэр хүчлийн магнезийг 40%-ийн 10 мл глюкозтой хослуулан венийн судсанд тарина.

7. Кататоник дошгирол (Кататоническое возбуждэние).

Кататони хэлбэрийн шизофренитэй өвчтөн гэнэт дошгирч, шалтгаангүйгээр, хар аяндаа, өөрийн мэдэлгүй гэнэт ухасхийн хөдөлж дэргэдээ байгаа хүнийг цохих, гэнэт цонх хагалах, гэнэт хилэгнэж бусдыг харааж загнаж, үг ярилгүй гэнэт довтолж эд юмс эвдэх гэх мэтийн түрэмгий төрх үйлдэлтэй болохыг кататоник дошгирол гэдэг. Кататоник дошгирлыг номхотгох зорилгоор хлорпромазиныг 100 мг тунгаар тариагаар, бас галоперидолыг 5-10 мг тунгаар тариагаар тус тус хэрэглэнэ.

8. Хүүхдэрхэх дошгирол (Гебефренное возбуждение).

Кататоник буюу хүүхдэрхэх хэлбэрийн шизофренитэй өвчтөн ямар ч шалтгаангүйгээр, хар аяндаа сэтгэц хөдөлгөөний хөөрөлд орж амаа мурилзуулах, нүүрээ татвалзуулах, утгагүй тачигнатал инээх, холбоогүй үг хэлэх, нүүрээ алгаараа таглах, орон дээрээ цовхорч харайх, өөрийгөө гэмтээх, утгагүй юм ярих, утгагүй дүрсгүйтэх буюу тэнэгдүү марзаганах гэх мэтийн төрх үйлтэй болохыг хүүхдэрхэх дошгирол гэдэг. Хүүхдэрхэх дошгирлыг номхотгох зорилгоор хлорпромазиныг 50-100 мг тунгаар тариагаар бас галоперидолыг 5-10 мг тунгаар тариагаар тус тус хэрэглэнэ.

9. Эмгэг төрхийн дошгирол (Психопатическое возбуждение).

Стресс буюу хэрүүл будлианд өртсөн бие хүний эмгэг (эмгэг төрх)-тэй өвчтөн сэтгэл цочирдож, бухимдах, хилэгнэх, эд юмсыг эвдэн сүйтгэх, өөрийгөө шийтгэх, бусдыг шийтгэх, айлган сүрдүүлэх, заналхийлэх гэх мэтийн түрэмгий төрх үйлтэй болохыг эмгэг төрхийн дошгирол гэж нэрлэдэг. Ийм түрэмгий төрх үйлдлийг номхотгох зорилгоор диазщпамыг 10-20 мг тунгаар булчинд тарих, эсвэл хлорпромазиныг 50-100 мг тунгаар тариагаар, эсвэл неулептилийг 10-20 мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.

10. Бухимдлын дошгирол (Дисфорическое возбуждение).

Үе үе өвчтөний зан сэтгэл гадны ямар ч шалтгаангүйгээр, өөрөө аяндаа гэнэт хувирч өөрчлөгдөж сэтгэл дундуур хийгээд тавгүй байдалтай болж бухимдах, уурлах, хилэгнэх, бусдад гар хүрэх, эд юмсыг эвдэх мэтийн түрэмгий төрх үйл гаргахыг бухимдлын дошгирол гэдэг. Бухимдлын дошгирлыг номхотгох зорилгоор хлорпромазиныг 50-100 мг тунгаар эсвэл левомепромазиныг 50-100 мг тунгаар булчинд буюу судсанд тарина.

2. Бензодиазепинийн цочмог хордлогын үеийн түргэн тусламж

Бензодиазепинийн уламжлалын эм бэлдмэлийг бензодиазепин гэдэг. Бензодиазепинийн тоонд диазепам, нитрозепам, хлордиазепоксид зэрэг 30 гаруй нэрийн эмүүд ордог. Сүүлийн жилүүдэд манай оронд амиа егүүтгэх зорилгоор бензодиазепинийг санаатай хэрэглэж амиа хорлох оролдлого хийгчид олширсон. Бензопиазепинаар амиа хорлох оролдлого хийгчид түүний цочмог хордлогод ордог.

Эмнэлзүйн шинж тэмдэг. Бензиазепинийн хүнд хэлбэрийн цочмог хордлогын үед хэт тайвшруулах, “летарги” хэмээх эмгэг нойронд автах, биеийн тэнцвэр тохироо алдагдах болон ухаан балартах шинжүүд илэрнэ. Цөөнхи тохиолдолд сэтгэц хөдөлгөөний дошгиролд орж дайсагнасан төрх үйлдэл үйлдэгдэнэ.

Авах арга хэмжээ. Дараах арга хэмжээнүүдийг яаралтай авна. Үүнд:

* Бөөлжүүлэх

* Ходоод угаах

* Шээс хөөх түргэн үйлдэл үзүүлэх эм (лазикс) хэрэглэх

* Хордлого тайлах шингэнүүдийг венийн судсанд дуслаар хийх

* Хэрвээ сэтгэц хөдөлгөөний дошгирол илэрвэл 2-10 мг тунгаар галоперидолыг уулгах буюу булчинд тарих.

3. Барбитуратын цочмог хордлогын үеийн түргэн тусламж

Барбитурын хүчлийн уламжлалууд болох бүлэг органик нэгдлүүдийг барбитурат гэдэг. Барбитуратыг дотор нь богино хугацааны үйлдэлтэй барбитурат /6-аас 12 хүртэл цагаар үйлдэл үзүүлдэг/, урт хугацааны үйлдэлтэй барбитурат /12-24 хүртэл цагаар үйлдэл үзүүлдэг/ гэсэн 2 бүлэгт хуваадаг. Урт хугацаагаар үйлдэл үзүүлдэг барбитуратын тоонд фенобарбитал (люминал) ордог.

Амиа егүүтгэх оролдлого хийгчдийн зарим нь барбитуратыг тухайлбал фенобарбиталыг өндөр тунгаар хэрэглэж цочмог хордлогод өртдөг.

Үхлийн тун. Богино хугацааны үйлдэл үзүүлдэг барбитуратыг 3 граммаас дээш тунгаар, харин урт хугацааны үйлдэл үзүүлдэг барбитуратыг 6 граммаас дээш хэмжээгээр хэрэглэхэд үхэлд хүргэнэ.

Эмнэлзүйн шинж тэмдэг. Барбитуратыг цочмог хордлогын үед ухаан дэмийрэн балартах байдал, сэтгэл хөөрөх хам шинж, уналт таталтын хам шинж, зүрх судасны үйл ажиллагааны дутмагшил болон ухаан алдалт үүсэж болно. Хамгийн ноцтой хүндрэл нь амьсгалыг дарангуйлах шинж юм.

Авах арга хэмжээ. Хэрвээ барбитуратад хордсон өвчтөний ухаан саруул байвал дараах арга хэмжээнүүдиыг авна. Үүнд:

* Бөөлжүүлэх

* Барбитуратыг ходоодонд шимэгдэхийг саатуулах зорилгоор 20-30 гр идэвхжүүлсэн нүүрсийг буцалгасан усанд хольж уулгах.

* Хордлого тайлах шингэнүүдийг венийн судсанд дуслаар хийх. Хэрвээ барбитуратад хордсон өвчтөн ухаангүй буюу комын байдалд байвал дараах арга хэмжээнүүдийг яаралтай авна. Үүнд:

* Эрчимт буюу сэхээн амьдруулах эмчилгээний өрөөнд хэвтүүлж шаардагдаж байгаа бүх арчилгаа сувилгааг гардан хийх.

* Амьсгалын замыг цэвэрлэх.

* Ходоодыг 0.25%-ын кали перманганатын уусмалаар эсвэл идэвхжүүлсэн нүүрс бүхий бүлээн усаар угаах.

* Барбитуратын антагонист болох бемегридийг эсвэл барбитуратын хорын ерөндөг болох стрихнинийг хэрэглэх. Барбитуратын шалтгаант комын үед 0.5%-ийн 5-10 мл бемегридийн уусмалыг венийн судсанд удаанаар тарина. Үр дүн өгөхгүй бол амьсгалалт, судасны цохилт болон цусны даралтыг хэвийн болох хүртэл хугацаанд бемегридийг 2-30 минутын завсарлагатайгаар 4-5 удаа хэрэглэж болно. Хэрвээ бемегрид байхгүй бол 0.1%-ийн 3 мл стрихнинийг 3-4 цагийн зайтай венийн судсанд тарина.

* Хордлого тайлах шингэнүүдийг венийн судсанд дуслаар хийх.

* Хүчилтөрөгчийг арьсан дор хийх.

* Глюкозын уусмалыг венийн судсанд тарих.

* Цусны даралт хэт буурвал адреналин хэрэглэх.

* Цэвэрлэх клизм тавих.

* Шээс хөөх эм хэрэглэх буюу шээсийг катетраар авах.

* Цус авах.

4. Опиодын цочмог хордлогын үеийн түргэн тусламж

Амиа егүүтгэх буюу амиа хорлох оролдлого хийх зорилгоор опиодыг хэрэглэж цочмог хордлогод ордог тохиолдлууд бий.

Эмнэлзүйн шинж тэмдэг. Морфин, пормедол болон бумад опиодуудын тунг хэтрүүлж хэрэглэхэд цочмог хордлогот орж ухаан алдах, ухаан нойрмоглон балартах, амьсгалалт тасалдах буюу амьсгалалт дарангуйлагдах, цусны даралт буурах, зүрхний хэм алдагдах, хүүхэн хараа нарийсах (миоз), сэтгэцийн үйл ажиллагаа буурах зэрэг шинжүүд ажиглагдана.

Авах арга хэмжээ. Опиодын хүнд хордлогын үед буюу комд орсон үед амьсгалалт дарангуйлагдаж аьсгалалт тасалдсаар эцэст нь өвчтөн нас барах аюултай учир сэхээн амьдруулах эмчилгээ яаралтай хийнэ. Опиодуудын антагонистуудаас яаралтай хэрэглэнэ.

Морфин болон бусад опиодуудын үйлдлийг хориглох саатуулах нөлөөлөл үзүүлэх чадвартай эмүүдийг опиодуудын антагонист гэдэг. Тэдгээрийн тоонд наллин, летидрон, налорфин, левадлорфан, налоксин болон апоморфин бас сульфанил амидын бүлгийн бодис болох амнинофеналтиазоллаптизол орно. Хамгийн сайн үр дүнг өгдөг нь налорфин болон налоксин юм.

Опиодын цочмог хордлогыг налорфинаар эмчлэх. 0.5%-ийн 1-2 мл налорфины уусмалыг венийн судсанд тарина. Биеийн болон сэтгэцийн байдал засрахгүй байвал налорцифиныг 10-15 минутын засвартайгаар 3-7 удаа хэрэглэж болно. Ийм олон удаа тарихад хүрвэл ехөнхий тун нь насанд хүрэгчдэд 0.004 гр буюу 0.5%-ийн 8 мл уусмалааё хэтэрч үл болно.

Опиодын цочмог хордлогыг налоксинаар эмчлэх. Налоксиныг эмчилгээний эхний 30-45 минутанд 0.4 мг тунгаар 4-5 удаа венийн судсанд тарина. Түүнийг 0.4 мг тунгаар 2-3 минутын зайтай 2-3 удаа венийн судсанд тарихад ухаан орохгүй, амьсгалалт сайжрахгүй, байдал хүнд хэвээр үргэлжилсээр байвал опиодын бус шалтгаант хордлого байхыг үгүйсгэхгүй. Налоксин маш богино хугацаагаар үйлдэл үзүүлдэг учир өвчтөн дахин комд орж болзошгүй. Иймд өвчтөний байдлыг 24 цагийн турш хянаж ажиглах хэрэгтэй. Опиодын комын үед дараах арга хэмжээг яаралтай авна.

* Хордлого тайлах эмчилгээнүүдийг яаралтай хийх.

* Хорын ерөндөг болох атрофиныг хэрэглэх. 0.1%-ийн 1 мл атрофиныг 2 цагийн зайтай 3-4 удаа арьсан дор тарих.

* Хүчилтөрөгчөөр амьсгалуулах.

* Цититон эсвэл лобелин тарихад амьсгалалтын дутмагшил арилахгүй байвал хиймэл амьсгал хийх.

* Ходоодыг 0.5%-ийн танины уусмалаар эсвэл 0.2-0.1%-ийн кали перманганатын уусмалаар угаах.

* Шээсийг катетраар авах.

5. Фенотиазинийн цочмог хордлогын үеийн яаралтай түргэн тусламж.

Хлорпросазин, левомепромазин болон фенотиазинийн уламжлалын бусад эм бэлдмэлүүдийг хураангуйлан фенотиазин гэж нэрлэдэг. Цөөн тохиолдолд амиа егүүтгэх оролдлого хийгчид фенотиазинийг хэрэглэж цочмог хордлогот ордог.

Үхлийн тун. Фенотиазинийг 150 мг/кг буюу түүнээс дээш тунгаар хэрэглэх нь үхэлд хүргэнэ.

Эмнэлзүйн шинж тэмдэг. Фенотиазинийн цочмог хордлогын үеийн хамгийн ноцтой хүндрэл бол экстрапирамидийн хам шинж юм.

Авах арга хэмжээ. Дараах арга хэмжээг яаралтай авна.

* Бөөлжих.

* Ходоод угаах.

* Идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх

6. Салицилитийн цочмог хордлогын үеийн яаралтай түргэн тусламж.

Амиа егүүтгэх оролдлого хийгчдийн өргөн хэрэглэдэг эмүүдийн нэг бол салицилит, тухайлбал аспирин юм.

Үхлийн тун. Салицилит (аспирин)-ийг 500 мг/кг буюу түүнээс дээш тунгаар хэрэглэх нь үхэлд хүргэнэ.

Эмнэлзүйн шинж тэмдэг. Салицилитийг цочмог хордлогоос үүсэх хамгийн ноцтой хийгээд аюултай хүндрэл бол ацидоз юм.

Авах арга хэмжээ. Дараах арга хэмжээг яаралтай авна.

* Бөөлжүүлэх

* Ходоод угаах

* Идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх

* Шээс хөөх эм хэрэглэх

* Гемодиализ

7. Хэт амьсгалах хам шинж (гипервентиляция, hyperventilation).

Гэнэт хүчтэй айснаас болж тухайн хүний амьсгалалт хэт олширч цусан дахь агаарын солилцоо хямарсантай холбоотой үүсэх шинж тэмдгүүдийг цэвэр агаараар амьсгалах (гипервентиляция) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл амь насанд заналхийлж байгаа гэнэтийн аюултай гай тухайлбал байгалийн гамшиг, галт тэрэг сүйдэх, онгоцны сүйрэл, автомашины осол, аллага, хадлага, хүчирхийлэл, эрүү шүүлт, дээрмийн довтолгоо, хайртай хүн нь гэнэт нас барах, амьд байхад нь заналхийлж байгаа бусад цаг бусын аюул тохиолдоход айхын ихээр айснаас буюу хүчтэй сэтгэл түгшилтээс болж стресст өртөгч сандралд орж симпатик мэдрэлийн тогтолцоо нь хөөрөлд автаж, хүүхэн хараа нь өргөснө, бронх нь тэлэгдэнэ, амьсгал олширно, амьсгаа давчдаж, амьсгалалт тасалдана, амьсгал зогсоно, нүдээ өргөн нээнэ, айсан харцтай байна, амаа өргөн ангайлгана, хөмсөг босно, үс босно, бүх бие салганан чичирнэ, хоолой сөөнгөтнө, дуу гарахаа болино, зүрх хавиргаа дэлстэл хүчтэй цохилно, царай цайна, муужирч унана, хүнд тохиолдолд багтарч үхэж болно.

· Амьсгалалт хэт олширч, амьсгаа давчидсанаас болж өвчтөний артерийн цусан дахь химийн найрлаганд дараах өөрчлөлтүүд орж нүүрсхүчлийн хэмжээ буурна.

· Нүүрсхүчлийн устөрөгчийн давхар эслийн хэмжээ буурч, бас нүүрс устөрөгчийн давхар ислийн парциаль даралт буурна. Ийм байдлыг гиперкапни гэдэг.

· Бикарбонатуудын ионууд илүүдэж, устөрөгчийн ион дутагдаж, шүлтийн хэмжээ ихэснэ. Ийм байдлыг алколоз гэдэг.

· Нүүрсхүчлийн хийн хэмжээ буурна.

Цаасан уут руу амьсгалуулж амьсгал давхцахыг намжаах арга. Амьсгал давчидсанаас болж өвчтөн багтарч үхэж болох тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай.

Гипервентиляцаас бас сэтгнэл түгшилтээс буюу сандрахын дайралт (атак)-аас болж амьсгал нь давчдаж байгаа өвчтөнийг цаасан уут руу 10-аас доошгүй удаа удаанаар амьсгалуулна. Цаасан уут руу амьсгалах нь угтаа амьсгаа гаргах үед ялгарч байгаа нүүрсхүчлийн хийгээр амьсгална гэсэн үг юм.

Цаасан уут руу амьсгалуулсаны дараа уутыг аваад өвчтөнийг хэдэн минут ердийн амьсгалуулна. Ийнхүү цаасан уутан дотор амьсгалахад өвчтөний артерийн цусан дахь химийн найрлаганд өөрчлөлт орж нүүрсхүчлийн хийн хэмжээ нэмэгдэж, нүүрстөрөгчийн давхар эслийн түвшин сэргэж, алкалозын байдал арилж, амьсгалалт хэвийн болно.

8. Сэтгэцийн өвчний сэдэлтээр өвчтөн хооллохоос татгалзах үед үзүүлэх яаралтай тусламж.

Дараах сэтгэцийн эмгэгээс болж өвчтөн хоол идэхээс татгалзана.

* Хорлогдохын дэмийрэл

* Өөрийгөө дорд үзэх дэмийрэл

* Үнэрлэхийн болон амтлахын хий үзэгдэл

* Хоол идэхийг хориглож байгаа захирах, тушаах хий үзэгдэл

* Сэтгэл гутралын хам шинж

* Хөшил, ялангуяа эсрэгшлийн хөшил

Өвчтөн хоол идэхээс татгалзах нь түүнийг өлсгөлөн, тураал болон үхэлд хүргэх аюултай. Иймд сэтгэцийн өвчний сэдэлтээр хооллохоос татгалзаж байгаа өвчтөнийг тураалаас сэргийлж хооллох арга хэмжээ авах хэрэгтэй.

Эмчилгээ. Дор дурдсан заслаас тухайн өвчтөнд тохирох эмчилгээг сонгон хэрэглэнэ. Үүнд:

· Үндсэн өвчнийг эмчлэх.

· Хоол идэхийг ятгах. Дараа нь хамгийн итгэлтэй хүн нь халбагаар хоолохыг оролдох.

· Кататоник хөшилтэй, ялангуяа эсрэгшил (негативизм) бүхий кататоник хөшилтэй өвчтөнийг хооллохдоо хоолыг нь орны нь дэргэд үлдээгээд түүнийг ганцааранг нь байлгахад тэрээр өөрөө хоолоо авч иддэг.

· Натри-хлоридыг 10%-ийн 10-15 мл тунгаар венийн судсанд тарих. Ам цангаснаас болж өвчтөн шингэн хоолыг дуртайяа иднэ.

· Инсулинийг 4-8 нэгж (единица) тунгаар арьсан дор тарих. Үүнээс хойш 1-2 цагийн дараа элсэн чихэртэй хар цай, талх, тос болон төмсний нухашаар хооллоно. Хэрвээ хооллолт амжилтгүй бол 40%-ийн 40 мл глюкозыг өвчтөний венийн судсанд тарина.

· “Амитал кофейноор сэргээх” засал хийсний дараа хооллох. Энэ зорилгоор 5%-ийн 2-6 мл амитал натрийн (барбамилийн) уусмалыг болон 10%-ийн 0.5-1 мл кофейныг венийн судсанд тарина. Үүнээс хойш 1-2 минутын дараа өвчтөнийг хооллоно.

· Зондоор дамжуулж хооллох. Өвчтөн хооллоос татгалзаж 3 ба түүнээс дээш хоногоор хоол идэхгүй байхад өлсгөлөнгийн шинж тэмдэг илрэх буюу амнаас нь ацетоны үнэр ханхийнэ. Ийм тохиолдолд өвчтөнд тэжээлтэй шингэн хоолыг зондоор дамжуулж хэрэглэнэ. Зондоор дамжуулж өвчтөнийг хооллохдоо сүү, өндөг, цөцгийн тос зэрэг тэжээлтэй хоол хэрэглэнэ.

9. Эпилепсийн статусын үеийн түргэн тусламж.

Эпилепсийн таталтуудын хооронд өвчтөний ухаан саруул болохгүйгээр олон удаагийн цуврал таталт үүсэхийг эпилепсийн статус (эпилептический статус, status epilepticus) гэж нэрлэдэг.

Эпилепсийн таталтуудын хооронд өвчтөний ухаан саруул байх хэлбэрээр олон удаагийн цуврал таталтууд үүсэхийг эпилепсийн байн байн таталт (частые припадки) гэдэг. Цөөн тохиолдолд эпилепсийн байн байн таталт нь хоногт олон удаагийн цуврал таталтаар илэрч болно.

Эпилепси (унадаг өвчин), шинж тэмдгийн эпилепси хоёрын аль алины үед эпилепсийн статус үүсэж болдог. Эпилепсийн статус үүсэх гол үндсэн шалтгаан нь өвчтөн таталгын эсрэг эмийг хэрэглэхээ гэнэт болих явдал.

Эпилепсийн статусын үед эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай. Тухайн цаг үед яаралтай түргэн тусламж үзүүлэхгүй бол эпилепсийн статустай өвчтөнүүдийн 16-35% нь нас барж байна.

Эпилепсийн статусын үед өвчтөнд дараах шинжүүд хамт илэрнэ. Үүнд:

* Эпилепсийн таталт зогсохгүй олон удаагийн цуврал таталт үүсэх

* Эпилепсийн таталтуудын хооронд өвчтөний ухаан саруул болохгүйгээр ухаан балартах буюу ухаан алдах

* Амьсгалын үйл ажиллагаа хямрах

* Зүрх судасны ба цусны эргэлтийн ажиллагаа хямрах

* Тархи хавагнах

* Бодисын солилцоо хямрах

* Дасан зохицох чадвар хямрах

* Биеийн ерөнхий эсэргүүцэл сулрах

Өвчтөнийг эпилепсийн статусаас гаргахын тулд дээр дурдсан шинжүүдийг арилгах шинж тэмдгийн буюу эмгэг жамын дараах эмчилгээнүүдийг хийнэ. Үүнд:

Эпилепсийн статусын үед илэрч байгаа таталтыг зогсоох эмчилгээ. Эпилепсийн статусын үеийн таталт нь биеийн бүх хэсгийгхамарсан чангарсан таталт, чичрхийлсэн таталт хоёр дар алсан таталтаар, эсвэл биеийн бүх хэсгийг хамарсан чичирхийлсэн таталтаар, эсвэл биеийн хэсэг газрыг хамарсан чичирхийлсэн таталтаар, эсвэл биеийн хэсэг газрыг хамарсан чангарсан таталтаар, эсвэл биеийн аль нэг талыг хамарсан чангарсан таталтаар чангарсан, эсвэл биеийн аль нэг талыг хамарсан чичирхийлсэн таталтаар, эсвэл биеийн аль нэг хамарсан чангарсан таталт, чичирхийлсэн таталт хоёр дараалсан таталтаар илэрнэ.

Эпилепсийн таталтыг зогсоох хамгийн чадвартай эм бол диазепам юм. Диазепамыг 2 хувилбараар хэрэглэнэ.

Нэгдэх хувилбар. 10-20 мг диазепамыг 40%-ийн 20 мл глюкозтой хольж венийн судсанд 1-3 удаа тарина.

Хоёрдох хувилбар. 20-30 мг диазепамыг 5-20%-ийн 150 мл глюкозтой хольж венийн судсанд 1-3 удаа тарина.

Эпилепсийн статусын үеийн ухаан алдалт буюу ухаан баларталтыг арилгах эмчилгээ. Диазепам бол тайвшруулах, булчин сулруулах, таталт зогсоох, унтуулах зэрэг өргөн хүрээтэй үйлдэл үзүүлдэг транквилизатор юм. Түүнийг бага тунгаар хэрэглэвэл тайвширна, дунд зэргийн тунгаар хэрэглэвэл булчин суларна, өндөр тунгаар хэрэглэвэл таталт зогсох буюу унтана. Диазепамыг гагцхүү таталт зогсоох тунгаар хэрэглэвээс эпилепсийн статусын үеийн таталт зогсоно. Эпилепсийн таталт зогсож гүнзгий унтахад аажмаар, аяндаа өвчтөний ухаан саруул болно. Ухаан саруул болоход дараах үе шатыг дамжина.

Кома сопор ухаан нойрмоглон балартах саруул ухаан.

Амьсгалын үйл ажиллагааны хямралыг арилгах эмчилгээ. Эпилепсийн статусын үед амьсгалын хэм алдагдах, Чейн-стоксын амьсгалтай болох, амьсгалын тоо олшрох, амьсгаа авах үед амьсгалын дээд зам руу салст, цэр, хоол болон бөөлжис мэтийн гадны биет орж уушиг үрэвсэх (аспирационная пневмония), уушиг хавагнах зэрэг хэлбэрээр амьсгалын үйл ажиллагаа хямарч болно.

Амьсгалын үйл ажиллагаа хямрахаас сэргийлэх, бас хямарсан амьсгалын үйл ажиллагааг хэвийн болгох зорилгоор дор дурьдсан арга хэмжээг авна.

· Өвчтөний толгой цээжийг доош харуулж цээжинд иллэг ба тогшилт хийж цэр салстыг гоожуулж авах.

· Өвчтөнийг хажуугаар нь ээлжлэн хэвтүүлж цээжинд тогшилт хийх аргаар цэр болон салстыг гадагшлуулан тусгай аппаратаар соруулж авах.

· Уушигны үрэвслийг антибиотикоор эмчлэх, гоюу, бумба тавих.

· Шаардлагатай үед цагаан мөгөөрсөн хоолойд трахеостомия буюу пренаж тавьж амьсгалын дээд замыг салст мэтийн өөр биетээр бөглөрөхөөс чөлөөлж цэвэрлэж байх.

Хориглох эмчилгээ. Эпилепсийн статусын үед амьсгалын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор камфор коразолыг хэрэглэхийг хориглодог. Учир нь эдгээр эмүүд эпилепсийн таталт үүсгэх үйлдэл үзүүлдэг.

Зүрх судасны үйл ажиллагааг дэмжиих эмчилгээ. Эпилепсийн статусын үед зүрх судасны үйл ажиллагаа суларч болно. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор дор дурдсан эмчилгээнүүдээс хэрэглэж болно.

· 0.06%-ийн 0.5 мл коргликоныг 40%-ийн 20 мл глюкозын уусмалтай хольж венийн судсанд 1-3 удаа тарих.

· 10%-ийн 1мл кофейны уусмаллыг арьсан дор 1-4 удаа тарих.

Тархины хаванг арилгах эмчилгээ. Эпилепсийн статусын үед бий болдог ноцтой хүндрэлүүдийн нэг бол тархины хаван юм. Тархины хаванг арилгах буюу түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дор дурьдсан эмчилгээнүүдээс сонголт хийж болно.

· 25%-ийн 10 мл хүхэр хүчлийн магнезийн уусмалыг 8-24 цагийн зайтай, 1-10 удаа булчинд буюу венийн судсанд тарих.

· 10%-ийн 10 мл кальци хлоридын уусмалыг венийн судсанд 1-2 удаа тарих.

· 2.4%-ийн 10 мл эуфиллины уусмалыг 40%-ийн 10 мл глюкозын уусмалтай хольж венийн судсанд тарьж хэрэглэнэ.

Эуфиллиныг тархины хаванг багасгах, тархины цусны эргэлтийг хэвийн болгох ба тархины даралтыг бууруулах зорилгоор хэрэглэнэ.

Бодисын солилцооны хямралыг арилгах эмчилгээ. Эпилепсийн статусын үед бодисын солилцооны хямралыг буюу ацидозыг арилгах зорилгоор дор дурьдсан эмчилгээг хийнэ.

· 5%-ийн 100-300 мл бикарбонат натрийн уусмалыг венийн судсанд дуслаар хийнэ.

· 0.05-1 гр кокарбоксилазыг 1-10 удаа булчинд буюу венийн судсанд тарих.

Эдийн эсүүдийн бодисын солилцоо болон дасан зохицох чадварыг сайжруулах эмчилгээ. Эпилепсийн статусын үед эд эсүүдийн доторхи амьсгалалт хямарч хүчилтөрөгчийн дутмагшилтай болдог. Эд эсүүдийн бодисын солилцоо болон дасан зохицох чадварыг сайжруулах зорилгоор дор дурьдсан эмчилгээг хийнэ.

· 5%-ийн 500 мл глюкозын уусмалыг венийн судсанд дуслаар хийнэ.

· 150 мг хүртэл тунгаар гидрокортизоныг венийн судсанд дуслаар хийх, эсвэл 30 мг преднизолоныг булчинд тарих.

10. Нейролептикийн хорт хам шинжийн үед үзүүлэх түргэн тусламж.

Нейролептикийг (солиорлын эсрэг эмийг) ялангуяа галоперидолыг огцом өндөр тунгаар хэрэглэхэд эмчилгээний эхний 2-10 дахь хоногт өвчтөний амь насанд аюул учруулах магадлалтай дараах шинжүүд үүсэж болно. Үүнд: Экстрапирамид шинжүүд үүсэх, артерийн судасны даралт буурах, зүрхний цохилт олшрох, зүрхний хэм алдагдал, хэт хөлрөх, шүлс их ялгарах, шээс задгайрах, дуугүй болох, хөшил үүсэх, ухаан балартах, лейкоцит илрэх, халуурах буюу халуун буурах, амьсгалалт хямрах, уушиг үрэвсэх, тромбоэмболи үүсэх, зүрх судасны болон бөөрний үйл ажиллагааны дутмагшилд орох зэрэг шинжүүд ажиглагдана.

Явц. Нейролептикийн хорт хам шинж тухайн эмийг хэрэглэхээ больсноос хойш 1-2 долоо хоног үргэлжилнэ.

Тавилан. Нейролептикийн хорт хам шинжтэй өвчтөнүүдийн 15-25% үхлээр төгсөж болно. Амьд үлдсэн өвчтөнүүдэд нейролептикийн хорт хам шинжийн үлдэц шинжүүд үүсэхгүй.

Ялгах онош. Тархины үрэвсэл, нарны цохилт. Нейролептикийн хорт хам шинжийг тодорхойлохоос өмнөх жилүүдэд энэхүү хам шинжийг кататони, цочмог үхлийн кататони хэмээн буруу оношилдог байсан.

Шалтгаан. Тодорхойгүй. Нейролептикийн Допамины рецепторыг удаан хугацаанд хориглосноос болж нейролептикийн хорт хам шинж үүсэж байна гэсэн таамнал бий.

Эмчилгээ. Дараах арга хэмжээнүүдийг авах.

* Халуун бууруулах

* Ионуудын тэнцвэрийг хадгалах

* Диазепам хэрэглэж булчингийн хөшилтийг бууруулах

* Амьдралын чухал төвүүд болон бөөрний үйл ажиллагааг байнга хянах.

11. Гурван цагирагт антидепрессантын хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж.

Гурван цагирагт антидепрессантыг, тухайлбал амитриптилин, имипрамин хоёрын аль нэгийг өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд өвчтөний амь насанд аюултай дараах ноцтой хүндрэл үүсэж болно. Үүнд:

· Артерийн цусны даралт буурах

· Зүрхний хэм алдагдах

· Эпилепсийн чангарсан ба чичирхийлсэн таталтаар татах

· Эпилепсийн статус бий болох

· Ухаан дэмийрэн балартах

· Шээс хаагдах

· Гэдэс баасаар түгжрэх шинжүүд ажиглагдана. Дээрх дурдсан шинжүүд хам илрэхийг “холинийн эсрэг үйлдлийн хямрал” (антихолинергические кризы) гэж нэрлэдэг.

Эмчилгээ. Холинийн эсрэг үйлдлийн хямралын үед дараах арга хэмжээг яаралтай авна.

* Антидепрессантыг хэрэглэхийг болих

* Хордлого тайлах эмчилгээ

* Холинэстреразын ингибитороор эмчлэх

Ашигласан ном

1. С. Бямбасүрэн “Сэтгэцийн эмгэг судлал” 2007 он, 281-291 хуудас

2. “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж” 2005 он, 613-667 хуудас

3. ЭМШУИС-ЭМТС “Төрөлжсөн сувилахуй” 2010 он, 114-128 хуудас

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)